“1000 Инженер-ажлын байр 2022” өдөрлөг зохион байгуулагдана
t_bindee@yahoo.com
“1000 Инженер-ажлын байр 2022” өдөрлөг зохион байгуулагдана

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2022" өдөрлөгийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны 03 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч оролцох юм. Эдгээр төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон Улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.

Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм.

“1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2022” өдөрлөгийг 05 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт зохион байгуулна.