Геодезийн салбар

Бидний зорилго

“Геодези”, “Газар зохион байгуулалт” мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтуудыг явуулж, инженерийн бүтээн байгуулалт, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэх

Товч танилцуулга

Монгол улсад геодезийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МУИС-ийн ректорын тушаалаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс Геодезийн тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр А.Дамдинсүрэн томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд 2014 оны 1 сараас Геодезийн салбар болон ажиллаж байна.  

Геодезийн салбар нь “Геодези” мэргэжлээр бакалавр, мэргэжлийн болон судлаач магистр, докторын түвшний сургалтуудыг, “Газар зохион байгуулалт” мэргэжлээр бакалавр, мэргэжлийн болон судлаач магистрын сургалтуудыг явуулахын зэрэгцээ “Геодези” хөтөлбөрийг ОУ-д магадлан итгэмжлүүлэн, геодезийн улсын олимпиадыг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулан мэргэжлийн холбоод, төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мэргэжлүүд

Геодези

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн “Геодези” хөтөлбөрийн инженер нь улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу дэлхийн хэлбэр хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслэлийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж, математик боловсруулалт хийх, нийгэм, эдийн засаг, инженерийн бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллан хэмжилт, зураглал, тооцооллыг хийх чадвартай болно.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
  • GPS, дрон, лазер сканнер, нивелир, электрон тахеометр зэрэг геодезийн хэмжилт, зураглалын орчин үеийн багаж, тоног төхөөрөмжүүдтэй ажиллах
  • Зураглалын төрөл бүрийн програм хангамжуудтай ажиллах
  • Инженер геодезийн хэмжилт, зураглал, тооцоолол, боловсруулалтууд хийх
  • Ахисан түвшний олон улсын их, дээд сургуулиудад үргэлжүүлэн суралцах, ажиллах
  • Геодезийн хэмжилт, зураглалын багийг удирдан зохион байгуулж ажиллах ур чадваруудыг эзэмшинэ.

Газар зохион байгуулалт

Газрыг хавтгайд болон орон зайд зураглах, бүртгэх, хуваарилах, мэдээллийн сан бүрдүүлэх, зохион байгуулах, төлөвлөх, хууль эрх зүйн хүрээнд газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, захиран зарцуулах зэргээр үнэлэх, төлбөр татвар тооцох, хяналт тавих нь газар зохион байгуулагч инженерийн гүйцэтгэх ажлууд юм. Манай сургалтын онцлог нь сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүд дээр дадлагажуулахаас гадна төгсөгчид агаарын болон сансрын мэдээтэй ажиллах, боловсруулах ба газар зүйн мэдээллийн системийн програм хангамжуудыг ашиглах чадвартай болно.
Төгсөгч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
  • Газар зохион байгуулалтын шинжлэх ухаан, технологийн инженерийн мэдлэг, сэтгэлгээтэй, мэргэжлийн багт ажиллах багаар ажиллах
  • Харилцааны өндөр соёл, ёс суртахуунтай, хувийн болон мэргэжлийн онцлог чанаруудыг цаашид хөгжүүлэх
  • Газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, газрын харилцааны тулгамдсан асуудлуудыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх
  • Орчин үеийн шинэ техник технологиуд болох нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/, лазер сканнер, GPS болон бусад хэмжилт, зураглалын багажууд дээр ажиллах
  • Агаарын болон сансрын мэдээтэй ажиллах, боловсруулах ба газар зүйн мэдээллийн системийн программ хангамжуудыг эзэмшинэ.

Олон улсын магадлан итгэмжлэл

2012 оны 06 сарын 07 өдөр Геодези мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн. 2017 онд Европын ASIIN-аар Геодезийн бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэн ажиллаж байна. 

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд

  • Лазер сканнерын технологиор усан сан болон нефтийн бүтээгдэхүүн хадгалах савны геометр үзүүлэлтүүдийг тодорхойлох
  • Монгол орны дунд масштабтай байр зүйн зургийн тусгагийн судалгаа
  • Дунд болон том масштабын байр зүйн зургийн тодруулалтад ашиглах сансрын зургийн судалгаа 
  • Сансарын зурагт суурилан том масштабын байр зүйн зураг хийх арга зүй
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хиймэл дагуулын мэдээгээр байр зүйн зураг боловсруулах арга зүйн судалгаа
  • Зам, барилга, инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийн үед ашиглах том масштабын байх зүйн зургийн судалгаа
  • Монгол улсын нивелирдлэгийн II ангийн хэмжилтийн судалгаа
  • Ил уурхайн геодезийн мониторингийн судалгаа 
  • Газрын тооллого бүртгэлийн онолыг боловсронгуй болгох
  • Газрын шинэтгэлийн эрх зүйн орчны шинжилгээ
  • Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
  • Сэдэвчилсэн газрын зургийн тусгалын бодолт, хөрвүүлэлт
  • Улаанбаатар хотын газрын үнэлгээ тогтоох аргачлалын асуудал зэрэг олон чиглэлээр судалгаа хийж байна.

Лаборатори, танхимууд

  • “TRIMBLE” ахисан түвшний сургалт, судалгааны лаборатори
  • А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Геодезийн хэмжилт, зураглалын танхим”
  • Газар зохион байгуулалтын танхим
  • Геодезийн үндэс, багаж судлалын танхим
  • Хятад, монголын хамтарсан 2+2 төсөл судалгааны академи

Багшлах бүрэлдэхүүнийн танилцуулга:

Салбарын эрхлэгч   Э.Ганзориг /PhD/
Дэд профессор         П.Эрдэнэчимэг /PhD/
Ахлах багш                Г.Өлзийсайхан /PhD/
                        Б.Гантулга /MsC/
Багш                           С.Үржинханд /MsC/
                                    Д.Ундармаа/MsC/
                                    Ө.Алтансүх/MsC/
                                    С.Жаргалмаа /MsC/
                                    П.Лувсандагва /MsC/         
                                    М.Дуламжав /MsC/
Эрхлэгчийн туслах  Э.Энхчимэг /MsC/
Сургалтын мастер  Д.Дөлгөөн /MsC/
Холбоотой цэсүүд