Монголын геологи, Эрдэс баялгийн музей last

МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН МУЗЕЙ 

     Монгол улсын газар нутгийн геологийн тогтоц, эрдэс баялгийн судалгааны хэдэн арван жилийн турш цугларсан мэдээллийг түшиглэн эх орны эрдэс баялгийг харуулсан Геологи эрдэс баялгийн музей нь геологичид, оюутнууд, сонирхогч олон түмний хүчээр боссон манай орны байгаль шинжлэлийн төрөлжсөн музей юм.

      Музей  нь бодит үзмэр материалаа түшиглэн геологи, эрдэс судлал, ашигт малтмалын ордын мэргэжлийн хичээл сургалт явуулах, гадаад дотоодын зочид, бизнесийн төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, мэргэжилтэн шинжээч нарт эрдэс баялаг, түүний хэтийн төлвийг үзүүлэн таниулах, олон түмний геологи-экологийн боловсролыг дээшлүүлэх, сурталчилгаа хийх, хээрийн ба суурин судалгаа явуулж музейн үзмэрийн санг баяжуулах, судлан шинжилж бүтээл туурвих зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Музейг анх Монголын Геологичидийн анхны багш нарын нэг док.проф. гавъяат багш Жаргалын Лхамсүрэн ШУТИС-Геологийн салбарт багшлахын зэрэгцээгээр музейн үйл ажиллагааг үүсгэн санаачилж эрхлэн явуулж эдүгээ 40 гаруй жил болж байна. Тухайн үед Монгол орны нутаг дэвсгэрт нээгдэж, олборлож байсан үнэт ба ховор металлын хүдэр, өнгөт эрдэнийн чулуу, нүүрс, газрын тос, барилгын материал мэтийн ашигт малтмалын олон төрөл зүйлийн дээж материалуудыг системтэй цуглуулах ажлыг хийж эхлэн эрдэм шинжилгээ, хичээл сургалтанд ашиглахын зэрэгцээ 1965 оны үеэс олон түмэнд үзүүлэн таниулдаг болсон байна. Улмаар 1969 онд МУИС-ийн дэргэд Минералогийн музей нэртэй байгуулагдан ажиллаж иржээ. Мөн 1982 оноос ГУУҮ Яамны дэргэд “Минералоги, эрдэс түүхий эдийн музей”байгуулагдан ажиллаж өргөн олонд үзүүлж байв. Энэ музей нь 1998 оноос эхлэн Минералогийн музейтэй нэгдэн ШУТИС-ийн дэргэд өргөтгөн шинэчлэгдэж “Геологи эрдэс баялгийн музей” нэртэйгээр ажиллаж байна.

Музей нь ШУТИС-ийн ШУТТ номын сангийн 1-р давхарт байрладаг.

           Монгол нутгийн олон төрөл зүйлийн эрдсийн их баялаг олон улсын хэмжээнд нэлээд ач холбогдолтой болж байна. Түүний ирээдүйн сайхан төлөв нь олон түмний сонирхлыг ихээхэн татаж байгаа бөгөөд гадаадын жуулчин, мэргэжилтэн, бизнесийн төлөөлөгчид ихээхэн үздэг юм.

           Монголын өргөн уудам нутагт сүүлийн дал гаруй жилийн хугацаанд явуулсан геологи хайгуул, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнд алт, зэс, нүүрс, фосфорит тэргүүтэй 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 7000 гаруй орд илрэлт газрууд мэдэгдээд байна. Музей нь эдгээр хүдрийн баялаг, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны бүх төрөл зүйлсийн 2000 орчим дээж материал, зураг, тайлбарыг үзмэрт тавьсан ба музейн санд 3000 гаруй олдвор, судалгааны материал хадгалагдаж байна. Манай орон эрдэс ашигт малтмалаар үлэмж арвин тул геологичид, оюутан, эх орны эрдэс баялгийг сонирхогч, түүнийг хайрлан хамгаалагч олон түмний хүчээр музей байнга баяжин шинэчлэгдэж байдаг билээ.


         Музейгээс эрхлэн зэс, аквамарин, платин, алт, флюорит, вольфрамит, анар, гипс зэрэг эрдсүүдийн судалгаа явуулж музейн эрдэм шинжилгээний бүтээлүүд, өгүүлэл, бие даасан ном хэвлүүлэн гаргаж байна. Музей нь гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Орос, Итали, Канад, Япон, Америк зэрэг орнуудтай дээж солилцох, хээрийн судалгааны ажил явуулах, үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажиллаж байна.

        Музейд Монгол орноо мэдэгдсэн бүх төрлийн эрдсийн зүйлсийг найрлага бүтэц, гарал үүслийн шинжээр нь ангилан бүлэглэж үзүүлсэн болно. Түүнчлэн газрын гүний тогтоц, бүтэц, хамгийн эртний настай чулуулаг, боржин, галт уулын чулуулаг, занар, толигор, шохойн чулуулаг, эрин галавын үеийн далай тэнгис, нуур усны амьтан ургамлын чулуужсан хэв дүрс бүхий чулуулгийн зүйлийг тус музейд харуулсан байгаа.

        Металл ашигт малтмалаас алт мөнгө, зэсийн эрдэс, төмөр, мангаан, хромын хүдэр, хар тугалга, цайрын хүдрийн дээжис, молибден, вольфрам, цагаан тугалга, ховор шорооны төмөрлөгийн хүдэр, орд газрын тархалт байршил болон Асгат, Лугийн гол, Баян модот, Цавын ордуудын загваруудбг харж болно.

    

          Металл бус ашигт малтмалаас үйлдвэрлэл техникийн эрдэс түүхий эдэд хамаарах цахир, болор, хээрийн жонш, гантиг шөрмөсөн чулуу, гөлтгөнө, бал чулуу, гялтгануурын дээж, давс, цеолит, фосфорын хүдэр, өнгө өнгийн хайлуур жонш тавигдсан байна.

         Монголчуудын уламжлалт өнгөт эрдэнийн чулуунд орох мана, гартаам, хас, молор, болор эрдэнэ, биндэръяа, анар, чүнчигноров, ногоон хаш мэтийн гоёл чимэглэлийн чулууны дээжис, урлаг сийлбэр, барилгын өнгөлгөөний чулуу, мөн эрдсийн ховор сонин тогтоцыг харж болно. Музейд Шаварын царамын пироп, Бужгарын ордын флюоритийн талстууд, Эрдэнэтийн овооны оюу, Төхөм толгойн аквамарин, Арц богдын аметистийн жеод, Шишгэд голын ногоон хаш, Өмнөговийн цагаан шүр зэрэг ховор олдворууд бий.

       Түүнчлэн Төв аймгийн Горхийн боржингийн усан ба утаат болор, Дорноговь, Хэнтийн флюоритын ордуудын хүдэр, Ховд аймгийн Бодончийн ордын гялтгануурын том хуудаслаг талст, Увсын Шүдэн уулын жамц давс, Хантайширийн нурууны серпентин зэрэг эрдсийн томоохон цул дээжүүд музейд хадгалагдаж байдаг.

          Манай орны түлш эрчим хүчний үйлдвэрийн эрдэс түүхий эд болох чулуун нүүрс, тэдгээрийн тархалт байршил, Таван толгойн ордын загвар, газрын тос, шатдаг занар тавигдсан байгаа. Түүнчлэн Монголын уламжлалт ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн эмийн эрдсүүд, хүний биенд үүссэн чулуу зэрэг сонирхолтой үзмэрийг үзэж болно.

          Мөн Монголд шинээр нээгдсэн эрдэс болох монголит, армстронгит зэрэг эрдсүүд, онгонит хэмээх чулуулаг үзмэрт тавигдсан байна.

       Ховдын геологич Д.Аюуш нь тус музейд 200 гаруй ховор сонин дээж үзмэрүүд бэлэглэснээс 140 өөд нь амьтан ургамлыг дүрсэлсэн чулуун сийлбэр бүтээл байдаг нь хүүхэд залуучуудын сонирхолыг ихээр татдаг билээ.

Геологи, эрдэс баялгийн музейн эрдэм шинжилгээний удирдагч, док, проф Ж.Лхамсүрэн

Эрдэм шинжилгээний ажилтан, маг Ё.Мажигсүрэн

Та бүхэн хүссэн цагтаа манай музейд морилон ирж сонирхон үзээрэй!

Ажиллах цагийн хуваарь:

Ажлын өдрүүдэд 9-18 цагт ажиллана.   Бусад өдөрт захиалгаар үйлчилнэ.

Хаяг:Улаанбаатар, Бага тойруу-42.

ШУТИС, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 1 давхарт

Геологи эрдэс баялгийн музей

Харилцах утас: 326425, 976-99793438

E-mail: majigsuren@yahoo.com